Thursday, June 9, 2011

Энд бас нэг юм байна монголын минь үзэсгэлэн төгөлдөр говь минь

та бүхэн энийг уншаад юу гэмээр байна даа

Монголын говьд торхнууд булсан нь цөмийн хаягдал байж болзошгүй

Армийн улс төрийн газрын дарга асан дэслэгч генерал Л.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Монголын нутагт цөмийн хаягдал байрлуулах тухай хэлэлцээр хийж байна гэх яриа гарсаар байгааг дуулсан байх. Таван жилийн өмнө Монголд цөмийн хаягдал байрлуулчихсан гэх мэдээг танаас анх сонсож, бас сонинд товчхон бичиж байсан. Тэгээд тэр сэдвээр дахин ярих хэрэгтэй юм байна гэж бодлоо л доо?
-За, тийм нэг ноцтой мэдээ байдаг юм аа. Өмнө нь би чамд цухасхан дуулгасан. Одоо арай дэлгэрэнгүй ярих цаг болсон шиг байна. Би Цэргийн улс төрийн газрын дарга байсан цаг. Нэг өдөр туслах орж ирээд “Тантай Зөвлөлтийн нэг хурандаа уулзаж чухал юм илтгэх хүсэлтэй гээд байна” гэлээ.
Маргааш нь ч билүү тэр хүнтэй уулзлаа. Монголд байсан Оросын гучин есдүгээр армийг хянаж байсан КГБ-гийн хэлтсийн хүн гэнэ. Энгийн хувцастай байсан. Тэр хүн хоёр ноцтой юм хэлсэн. Нэг нь манай нутаг тэнд тэндгүй байсан Оросын цэргийн хотхоны зарим нь хашаан дотроо нууцаар алт ухаж авч байсан гэнэ. Хоёр дахь нь манай говь нутагт цөмийн шаар булсан гэх бүр ч ноцтой мэдээ байсан юм.
Тэр хүн “Манай цэргийн эрхтнүүдийн энэ гэмт үйлдлийг хянаж, Байгалийн цэргийн тойрогт байдаг КГБ-гийн хэлтэстээ илтгэж байсан. Ямар ч арга хэмжээ аваагүй. Бодвол манай тэр хэлтсийнхэн хуйвалдаад өнгөрсөн байх. Одоо танай талд энэ хэргийг дуулгачихъя гэж би шийдсэн юм. Харин та миний нэрийг манай та-лын хэнд ч хэлэхгүй байхыг танаас хүсье. Шалтгааныг нь та хэлүүлэлтгүй мэдэх биз” гэсэн.
-Ийм ноцтой мэдээг аваад та ямар арга хэмжээ авсан бэ. Та Монголын цэргийн нэг удирдагч шүү дээ, Улс төрийн газрын дарга гэдэг чинь?
-Би энэ мэдээг авангуутаа ерөнхий сайдад илтгэсэн. Яг тэр үед өрөнхийлөгч хаачсан ч байлаа даа, эзгүй байсан юмдаг.ерөнхий сайд ерөнхийлөгчид илтгэнэ гэсэн юмдаг. Илтгээ байх. Тэгээд сайд, ерөнхий штабын дарга хоёрт хэлээд ажлын хэсэг томилож мөшгөж судалъя гэсэн санал хэлж зөвшилцөөд байлаа. Мөшгөх мөр тэр хүний ярьсанд байсан. Тэгээд арав гаруй хонож байтал би халагдсан. Ингээд тэр мэдээг мөшгөж хөөцөлдөх албаны үүрэг, албан боломж надад байхгүй болсон л доо. Гэхдээ сэтгүүлчийн хувьд хөөцөлдөх хорхой хүрээд байлаа.
Мөнөөх орос, еврөй ч юм уу, еврей нэртэй хүн байсан санагдана, хурандаа “Энэ хэрэгт танай хоёр геодизийн мэргэжилтнийг ашиглаж, газрыг нь хэмжүүлж тэмдэглүүлсэн байдаг юм” гээд нэрийг нь тэмдэлснээрээ хэлсэн. Оросууд чинь монгол хүний нэрийг зөв хэлж чаддаггүй шүү дээ. Чухам хэн гэж байгаа нь мэдэгдэхээргүй хазгай муруй юм хэлсэн л дээ. Энүүгээр нь баримжаалаад тэр үед говьд геодизийн ажил хийж байсан хүмүүсийг сурагласан.
Аюулаас хамгаалахын, нэг сайн таньдаг итгэлтэй хурандаагаар хайлгасан. Тэгж байтал мань хүн нэг хүн олсон байлаа.
-Өнөө хоёр геодизийн нэг үү?
-Тийм. Геодиз ч билүү, маркщөйдор ч гэлүү? Мон-голоор бол газар хэмжигч л дээ. Тэгээд бид хоёр юу асууж, яаж ярихаа сайн бэлдэж байгаад мөнөөх эрхэм дээр цохиж хүрлээ. Бид хоёрыг зүс таньж байсан. Тэгээд нэр усыг нь гаргахгүй, нууц далдын ёсыг сайн баримтална гэж ам өчиг өгч байгаад ярилцсан. Эхэндээ баахан тээнэгэлзэж байснаа бид хоёрын үгийг үнэмшээ юм байлгүй, тэгэсгээд нэг их цааргалалгүй ярьсан.
Хоёр гурав ч уулзаж, зөндөө удаан ярилцсан л даа. Мань хүний ярьсныг товчхон хэлье. Говьд газар хэмжиж тэмдэглэх ажлаа хийж явтал нь нэг өдөр оросууд ирээд танай байгууллагатай ярьж, танаар нэг ажил хийлгэхээр болсон гээд аваад явсан гэнэ. Тэр цагт оросын үгнээс гарч болох байсан биш дээ. Тэгээд эзгүй говьд очоод нэг газрыг хэмжиж, тэмдэглэж өг гэж тушааж. Мань хүн ч багаж хэрэгслээ ашиглаад тэмдэглээд л өгч.
Тэгсэн жижиг эксковатороор газар ухаад цэргийн хуягт машинаар хэдэн төмөр торхтой юм ачиж ирээд булсан гэнэ. Чухам юу булсныг газар хэмжигч маань яаж мэдэх вэ. Мэдэхгүй гэсэн. Тэгж юм булж байхад нисдэг тэрэг ирээд дээр нь зогсоод, эргэлдээд байж. Тэнд юм хийж байсан орос офицерууд “Генерал өөрөө ирж шалгаж байна шүү” гэцгээж байсан гэнэ. Тэрнээс нь болоод л, зүгээр ч нэг хог булж байгаа хэрэг биш байх нь гэж бодсон гэсэн.
Дараа нь оросууд л болсон хойно доо хоол унд, архи дарс зөндөө л юм болсон юм байх. Тэгээд оросууд “Энэ тухай хэнд ч хэлж болохгүй . Цэргийн нууц шүү. Онц чухал үүрэг гүйцэтгэсний төлөө дараа шагнал олгоно гэсэн юм байх. Сүүлд хээрийн ажлаасаа бууж ирсэн хойно нь Шинжлэх ухааны академийн нэг хүн дуудаж уулзаад чамайг чухал үүрэг сайн гүйцэтгэсэн гэж Зөвлөлтийнхөн шагнаж байна гээд мөнгө өгсөн гэнэ.
Тэр цагийн ханшаар бол тун мундахгүй, бараг санаанд багтамгүй их мөнгө өгсөн гэж газар хэмжигч маань ярьсан. Тэр үеийн үнээр шинэ машин худалдаж аваад бас цаана нь овоо юм үлдэхээр. Социализмын цаг, наяад он шүү дээ.

-Шинжлэх ухааны академийн тэр хүн нь хэн юм бэ. Манайд чинь цөмийн энергийн чиглэлээр судалгаа хийдэг, бас доктор болсон хүн хуруу дарам шүү дээ?

-Хүний нэр усыг нууна гэж ам өгсөн гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Бид хоёрт бол тэр хүний нэрийг хэлсэн л дээ. Тэр эрдэмтний болон бас бус хүний нэрийг хэлэх хэлэхгүйгээ мань газар хэмжигч л мэднэ дээ хө.
-Тийм байж. Тэр хүнээ олоод цааш нь…?
-Дагуулаад мөнөөх газарт нь очсон. Яггүй зүдэрч байж олсон. Арав гаруй жил өнгөрчихсөн болохоор арга ч үгүй биз. Хэмжсэн тэмдэгт газраа олох гэж их мунгинасан. Тригнометрийн гурвалжин гэж манайхан “а” мод ч гэдэг нэг юм байдаг даа? Тийм нэг цэгээс л хэмжиж тэмдэглэдэг юм байна. Тэр “а” мод гэдэг нь үнэндээ мод ч биш төмөр юм байна. Тэгсэн чинь манай наймаачид газар сайгүй байдаг тэрнийг нь мулт мулт татаж аваад Хятадад аваачаад зарчихаж.
Тэгээд олддоггүй. Газар дээр нь очоод бүтэн өдөр тэнэж байж арай гэж юм нэг оллоо. Бетонон суурийг нь шүү дээ. Өргөрөг, уртрагийн төдөн хэм төдөн минут, төдөн секунд гэсэн тэмдэглэл нь алга болчихсон. Гэхдээ газар хэмжигч маань мэргэжлийн хүн юм болохоороо тэндээс хэмжээд “Энэ хавьд л булсан даа” гэсэн баримжаа гаргалаа.
Тэр нь хааш хаашаа таван километр хэрийн газар. Өөрөөр хэлбэл хорин таван ам километр газар гэсэн үг. Тийм их газарт төмөрлөг мэдрэгч багажаар эрэл хийнэ гэсэн үг л дээ. Бид нар тэр газраа зурагт тэмдэглээд л эргэж ирсэн.
-Бид нар гэдэг чинь…?
-Хоёр генерал, нэг хурандаа, мөнөөх газар хэмжигч дөрвүүлээ. Хоёр жолооч явсан. Тэр хоёр бидний юу эрж бэдрээд байгааг мэдээгүй байх аа. Нэг генерал нь би…
-Нөгөө генерал, хурандаа хоёрын нэр ус бас нууц уу?
-За тэр хоёр хэн хэн бэ гэдгээ өөрснөө л гарч ирж хэлбэл хэлэгдээ.
-Их л нууцтай эд байж дээ. Зүгээр нэг төмрийн хог булаагүй л байлгүй яав гэж?
-Харин тийм. Олон улс дамнасан ноцтой гэмт хэрэг гарсан байж магадгүй мэдээ занги шүү дээ. Аюултай байхыг хэн байг гэх юм бэ? Цөмийн шаарыг чинь асар их мөнгө дагуулж өгч булуулдаг гэж байгаа. Учир нь аюул гамшиг л авчирч булж байгаа хэрэг шүүдээ.
-Одоо Монголд цөмийн хаягдал булах яриа гарсаар л байна. Нэлээд ноцтой асуудал биз?
-Ноцтой байлгүй яах вэ. Хэрэв тийм юм болж байгаа нь үнэн бол гэмт үйлдэл шүү дээ. Гадаад яамны сайд Занданшатар тийм яриа огт болоогүй гэж байхад зурагтаар албаны өөр зарим хүний хэлэх нь Монголын ураныг аваачиж боловсруулаад шаарыг нь буцааж авчирч булах тухай ярилцсан бололтой байна. Энэ хоёрын хэн нь худлаа хэлж байгаа юм бэ?
Хэн худлаа хэлж байгааг нь төрийн албанаас огцруулах ёстой. Монголын баялгийг авчихаад хортой хог шаарыг нь буцааж өгнө гэдэг чинь монголчууд биднийг басамжлан дээрэлхэж байгаа хэрэг мөн. Ийм яриа хэлэлцээ хийгээд явж байгаа монгол төрийн ажилтныг нэр усаар нь олон түмэнд ил гаргах хэрэгтэй. Өөрийн цөмийн шаар хоргуй байдаг юм уу? Би химийн мэргэжилтэн биш л дээ. Гэхдээ эрхбиш цэргийн мэргэжлийн хүний хувьд атом, цөмийн зэвсгийг судалж байсан.
Цөмийн шаарыг зузаан хар тугалган торхонд хийж, бас давхар бат бэх ган болд саванд хийдэг л юм гэсэн. Гэхдээ тэр тугалга, ган сав чинь огоот эвдэрдэггүй эд биш. Ер нь элэгдэж эвдэрдэггүй мөнх юм гэж энэ орчлонд л лав байхгүй. Юу нэгээс болоод, хэзээ нэгтээ эвдэрч л таарна. Тэр үөд тэсэж даах аргагүй гамшигт аюул болно шүү дээ. Нутаг усаараа, улс орноороо сүйрэхийг хэн байг гэх юм бэ?
Монголын говь нутаг чинь дороо далай шиг их устай. Тэр усанд миллграмм цацраг идэвхт хор ороход л говийн хүн зон, адгуус амьтан, өвс ургамал хамаг бүгдээрээ хордож хиарна. Бэтэг гэж мэс засал хийж авч хаяхгүй бол аминд хүрдэг нэг аюулт өвчин байдаг даа. Булсан цөмийн шаар бол бэтэг л гэсэн үг. Бэтэг гэснээс. Энэ мэдээг ил бад бичвэл тэр цагт аюултай байсан болохоор би уран зохиол болгож, “Бэтэг” гэсэн роман бичсэн.
Хэдийвээр хүн амьтан, газар усны нэрийг өөрчилж, газрын зургийн тэмдэгтийн тоо байг өмнө хойно нь оруулсан ч гэсэн тэр романыг сайн ажиглаж уншвал учир нь олдохоор байгаа. Урьд нь булсан байж магадгүй цөмийн шаарыг эрж хайхын оронд одоо дээрээс нь авчирч булах гэж далдуур оролдож байгаа бол энэ засгийн газар Монголын Засгийн газар биш хар элэгтэй, харийн засгийн газар байж таарна.
Энэ ялдамд хэлэхэд зарим албан тушаалтан Монголд цөмийн шаар булахыг дэмжиж буйгаа зориуд мэдүүлэх гэсэн янзтай авирлаж байгаа нь хэнд хандсан, ямар учиртай ааш юм бол? Тэгж авирлахын цаана ямар ашиг хонжоо нуугдаж байж таарах вэ гээд олон асуулт дагалдаж таарна.
-Монгол орноо боддоггүй тийм монгол хүн, тэр тусмаа эрх мэдэл бүхий албан тушаалтан байна гэхээр нэг л санаанд багтамгүй?
-Яагаад байхгүй гэж. Төр гувшиж завшсан мөнгө зоосоо гадаадын банкинд хийж, тэнд орон байшин барьчихсан, үр хүүхдээ гадаадад гаргачихсан баячуулын үр удам Монголд аж төрнө гэж би бодохгүй байна. Тийм этгээдүүд Монголд цөмийн шаар булуулж, баахан мөнгө түрийвчилж аваад л өнөөх харьд байгаа байшиндаа очоод үө үөээрээ суучихыг хэн байг гэх юм бэ?
Энэ орчлон өөдгүй муу хүнээр дүүрэн шүү дээ. өр нь Засгийн газар, ерөнхий сайд Монгол нутагт, хүний өөрийн ялгаагүй, цөмийн шаар булах санаархал гарсан уу, үгүй юү гэдэгт албан ёсоор нэртэй устай хариулж, монгол түмэнд ам өгөх ёстой гэж бодож байна. Бүр Засгийн газрын мэдэгдэл хэлбэрээр.
Энэ бол хоёр мянга арван хоёр оны сонгуулийн нэг амлалт болох учиртай.
Олхонууд Шаабар
caak.mn

No comments: